Гэртээ амттай бургер хийцгээе!
Гэртээ хамгийн сайхан бургер буюу хачиртай талх хийхийн тулд нэн түрүүнд маш сайн үхрийн мах сонгож, жижиглэн машиндах хэрэгтэй. Махны 20-иос илүүгүй хувь нь өөх байвал зохимжтой бөгөөд өөх тос бага байвал хэт хуурай, аргуу болох магадлалтай.
Та үхрийн татсан махаа котлет хэлбэрт оруулах хэрэгтэй. Бургерт 170 грамм мах ороход яг тохиромжтой байдаг. Махандаа давс, хар чинжүү (перец) хутгаж хийх шаардлагагүй. Хоёр талаас нь давс, чинжүүгээ цацахад л хангалттай. Илүү амтлагчны хэрэггүй.
Та хайруулын тавгандаа тосоо халаагаад махаа хийгээд БҮҮ ХҮРЭЭРЭЙ. Өөрөөр нь хэлбэрт орж, бор давхаргатай болохыг нь хүлээх хэрэгтэй.
Бургерт:
/4 хүний порц/
- 170гр үхрийн махан котлет 4ш
- 25мл ургамлын тос
- 4ш бургерийн талх
- 4 зүсэм чеддер бяслаг
- Халуун чинжүү
- Улаан сонгино
- 25гр хайлуулсан цөцгийн тос
Хийх заавар:
Хоёр талаас нь махан котлетоо давс, перецээр амтална. Талхаа голоор нь хоёр хуваагаад тал болгоныг нь цөцгийн тосоор тослоод, хайруулын таваг дээр нэг минут орчим халаана. Талх сайхан өнгөтэй болохоор нь гаргаад халуунаар нь хадгалахын тулд зөөлөн алчуураар бүтээж болно.
Хайруулын тавгандаа ургамлын тосоо хийн, хамгийн өндөр хэмд халаана. Махаа бор өнгөтэй болтол 3 минут орчим хайрна. Махаа эргүүлээд 4 минут орчим хайрна. Сүүлийн минутад нь бяслагаа дээр нь тавиад, бяслагаа хайлтал хайруулын тавгаа 30-40 секунд таглаж тавина.
Махаа гаргаад талхан дээрээ тавьж дээр нь амталсан ногоо болон давсалсан сонгиноо тавина.
Амталсан ногоо:
- 1 Ногоон чинжүү /жижиглэн хэрчсэн/
- 1 Улаан чинжүү /жижиглэн хэрчсэн/
- 1 Сонгино /жижиглэн хэрчсэн/
- 200мл Цагаан цуу /vinegar/
- 100гр элсэн чихэр
- 5гр халуун чинжүү
Бүгдийг нь нэг саванд хийж, 35 минут чанана. Дараа нь хөргөж, таглаад хөргөгчинд хийгээрэй.
Давсалсан сонгино:
- 1 улаан сонгино
- 150мл улаан дарсны цуу
- 50гр элсэн чихэр
- 10гр гоньд
- 5гр давс
- 50мл ус
Бүгдийг нэг саванд хийж хутгаад, 10 минут орчим буцалгана.
Хоолны жорыг:
"Rosewood" рестораны ахлах тогооч Клифф Арранд нь Массачусетс мужийн Бостон хотод амьдардаг итали гаралтай америк иргэн. Тэрбээр хоол идэх, аялах дуртай. Та бүхэнтэй өөрийн хоолны жороосоо хуваалцаж байх болно
0 comments